“Байгаль дахь сургалт” хөтөлбөр
Зорилго:
Танхимын сургалтаар олж авсан онолын мэдлэгийг чадвар болгон хувиргах, боловсрол, гоо зүй, ёс суртахууны зөв дадал хэвшилтэй, эх орон түүх соёлоороо бахархах үндэсний үзэлтэй, нийгэмд бие даан амьдрах чадвартай, зөв хүмүүжил төлөвшилтэй оюунлаг чадварлаг иргэнийг төлөвшүүлэхээр “Аялагч хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар хөтөлбөрийн хүрээнд 19 чиглэлд нийт давхардсан тоогоор 6637 сурагч, 1284 багш , ажилчид аялаад байна.
Зорилт:
- Сурагчдыг амьдрах ухаан, хөдөлмөрт сургах
- Танхимаар олж авсан мэдлэгээ аяллын нөхцөлд ээлжит хичээлээр хэрэглээ, чадвар болгох
- Хамтын хүчний давуу тал багаар ажиллах чадвар эзэмшүүлэх
- Эх орноо хайрлан хамгаалах бахархах үзэлтэй болгох хандлага төлөвшүүлэх
- Байгаль орчноо хайрлан хамгаалах, эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газар нутгуудтай танилцах
- Сурагчдад гоо зүйн хүмүүжил олгох
Хүрэх үр дүн:
- Байгаль дээрх юмс үзэгдэл хоорондоо харилцан уялдаа хамааралтай байдгийг дадлага ажлаар биечлэн гүйцэтгэж бататгана.
- Сурагчид хүрээлэн байгаа орчноо ажиглан төрсөн сэтгэгдлээрээ бүтээл туурвих /шүлэг, дуу, зураг, домог гэх мэт/
- Байгалиа унаган төрхөөр нь хадгалж хамгаалж ирсэн монголчуудын уламжлалт зан үйлээс суралцан түүнд биечлэн оролцоно.
- Нүүдэлчин ахуйн соёлоо судалж уламжлалт хоол хүнс хийх, аж ахуй эрхлэх арга ухаанд суралцана.
- Хүрээлэн байгаа орчноо таньж мэдсэнээр түүнийг хамгаалах ёс суртахууны хэм хэмжээ дээшлэнэ.
Ном хөтөлбөр
Захирал З. Байгалмаагийн санаачлагаар 2008 оноос “Номын сангаар мэдлэг олгох хөгжүүлэх хичээл”-ийг оруулж байна. Энэ хичээлийг бусад хичээлийн нэгэн адил хичээлийн хуваарьт албан ёсоор оруулан үр дүн ач холбогдлыг тооцон ажиллаж байгаа бөгөөд сурагчдын унших, ярих, тэмдэглэх, сэтгэх, зохиох бүтээх чадварыг дээшлүүлэх, бүтээлч үйл ажиллагааг бие даалган хөгжүүлэх, номтой нөхөрлөх хүсэл тэмүүлэлтэй болгох зорилготойгоор сургалтын шаардлага хангасан тохилог орчин уншлагын танхимд сургалтыг зохион байгуулж байна. Мөн хүүхдийг 1-р ангиас нь номд дуртай болгож номоо эрхэмлэн дээдэлдэг,уншиж ухаардаг,мэдлэг оюунаа тэлдэг, номын ач тусыг сайтар мэдэрдэг болгон төлөвшүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэдэг.
"Авьяас" хөтөлбөр
Нийслэлийн ойд зориулан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгууллагддаг Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны уралдаант наадам”-д жил бүр амжилттай оролцож 2013 онд БГД-ийн тэргүүн байрын шагнал, нийслэлийн тусгай байрын шагнал, 2014 онд БГД-ийн тэргүүн байрын шагнал, нийслэлийн дэд байрын шагнал, 2015 онд БГД-ийн тэргүүн байр, нийслэлийн тэргүүн байр, 2016 онд БГД-ийн тэргүүн байр, нийслэлийн дэд байр, 2017 онд БГД-ийн тэргүүн байр, нийслэлийн тэргүүн байр, 2019 онд БГД-ийн тэргүүн байр, нийслэлийн тэргүүн байранд шалгарч Нийслэлийн 375, 376, 377, 378, 380 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд урилгаар оролцсон юм.
Хүүхэд бүрт байгалиас заяасан авьяас бий. Тэр авьяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэх нь хамгаас чухал. Монгол улсын Засгийн газраас “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Авьяас” дэд хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа билээ. Манай сургууль 2014, 2015, 2016 онд “Багшаа надад авьяас бий 1, 2, 3” урлагийн тоглолтыг амжилттай зохион байгуулсан.
Сургуулийнхаа 20 жилийн ойн арга хэмжээнд багш, ажилчид, сурагчдын хамтарсан тоглолтыг 2018 оны 4-р сарын 21-ний өдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд толилуулсан юм.